«ХОТОЛ ЦАГААН ГҮНЖ» АУРУГ

Аюуругийн эцэг Хайду ноён (1235-1301) бол Монголын улс төрийн томоохон зүтгэлтэн, эх оронч хүн байлаа. Хубилай хаан хятад орноор төвлөсөн Юан гүрэнг байгуулсан явдлыг эсэргүүцсэн тэмцлийг тэрээр толгойлсон бөгөөд Аригбөхийн тэмцлийг тууштай дэмжиж 1266 онд Монгол ноёдын холбоо байгуулсан. Хайду нь Өгэдэйн үр ач нарын дунд ухаантай сэргэлэн, алсын хараатай гэж алдаршсан хүн байсан бөгөөд Мөнх хааны үед хааны эсрэг хуйвалдаан байгуулсан хэргээр төвөөс зайлуулагдсан, алс хязгаарын Тарвагатайн ууланд очиж суусан байжээ. Мөнх хаан хязгаар нутагт очиж суусан ноёдын дотроос Хайдугаас их л болгоомжилж, Тарвагатайн наана тусгай цэрэг суулган сэргийлж байсан гэдэг.

Хайду нь Их Монгол улсын нийслэлийг Хятадад нүүлгэж, Хятадаар төвлөсөн Юан гүрэнг байгуулахыг эрс шийдвэртэй ясэргүүцэж, гүрний төв Монгол газар байж, Монголоос л эзлэгдсэн улс оронг захиран баримтлах ёстой гэж үздэг байснаас гадна Хубилай хааныг эцэг өвгөдийн уламжлалт ёсыг эвдэж хаан ширээг эзлэн, хятадын нөлөөнд орсон хэмээн, түүний гэм бурууг уудлан илрүүлж, шүүмжилж байсан тухай мэдээ байдаг. Түүгээр ч барахгүй зэвсэг барин босон тэмцсэн юм.

Хубилай Хайдугийн хоорондох тэмцэл нь эрх тушаал булаацалдсан тэмцэл биш байсан боловч гол нь Хайдугийн тавьж байсан дээрхи шаардлагууд нь өргөн олны дэмжлэгийг хүлээж байжээ. Тийм ч учраас түүний тэмцэл Хубилай, Өлзийт Төмөр нарт ялагдалгүй 40 гаруй жил үргэлжилсэн ажгуу. Үзэсгэлэнт монгол эхчүүд эрэлхэг, зоригтой, чадвартай, тэсвэр хатуужилтай ухаалаг дайчин эрсийг өсгөн хүмүүжүүлэгч төдийгүй, төр цэргийн үйл хэрэгт биечлэн оролцож байсан тухай тэдний гавъяа зүтгэлийг мөн тэмдэглэж үлдээсэн нь олонтаа байдаг юм.

Тал нутаг шигээ уужим тэнүүн, эрх чөлөөнд дуртай Монголчуудын хувьд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь өндөр байж, аливаа ажлыг бие даан дураар эрхлэх, цэрэг дайнд эр цэргийн хамт мордох, төрийн хэргийг эрхлэхэд ухаант хатдын үгийг анхаарч хүндэтгэн сонсох эртний уламжлал Монголчуудын дунд байжээ.

Өгэдэй хааны ач хүү нэгэн үе монголын баруун хэсгийг захирч байсан ноён Хайдугийн/*/ охин Аюуруг (турк үг) буюу «Сарангэрэл» нэрт охины тухай сонирхолтой баримт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Түүнийг бас «Хосгүй хүчтэн», «Олонд алдартай хотол цагаан» гэж (1) тэмдэглэсэн байдаг. Тэрээр хар бага наснаасаа «Хүү хүний зантай»(2) эрэлхэг баатар бөгөөд үзэсгэлэн гоо өнгө зүстэй тул эцэг нь олон хүүхдийнхээ дотроос хамгийн илүүтэй хайрладаг байсан тухай Персийн түүхч Рашид Ад-дин тэмдэглэн үлдээжээ.

Хайдугийн дөчин түмэн цэргийн дотор түүн шиг баатарлаг эрс цөөн бөгөөд Сарангэрэл гүнж (Аюуруг) арван таван нас хүрмэгц эцгээ даган дайн тулаанд олон удаа явж, тэргүүлэн оролцон, дайсны жагсаалд дайран орж морьт цэргийг нь сугавчлан авч амьдаар олзлон авчирдаг самбаа ихт, дийлдэшгүй хүчит, мохошгүй зоригтон байсан түхай олон янзын домог үлджээ.

Эцэг Хайду ноён Монголчуудын тухайн нийгмийн байдлаас болж, эмэгтэйчүүд сэтгэл нийлсэн хүнтэйгээ суух, аз жаргалаа өөрийн хүслээр олох боломжгүй байсантай холбоотой «шууд хүчээр богтлох» эсвэл «сүй тавин» гэрлүүлдэг уламжлалт ёсыг зөрчин «хайрт охиноо өөрийн дур хүслээр ураглаж болохыг зөвшөөрсөн»(3) тэмдэг бичиг олгожээ. Аюуруг бяр чадал ихтэй улс орон даяар шалгарсан бөххчүүд түүнийг ялж дийлэхгүй тул «.. хүчийг үзэн барилдаж, хэн нэгэн намайг дийлвээс тэр хүчтэнтэй гэрлэх болно, эс дийлвээс зуун агтаар торгоно ....» гэж зар тараажээ. Энэ зар чимээ уламжлагдан олон улсад хүрснээр, газар бүрээс идэрхэг хүчтэнүүд цугларан тэмцэлдэх болов. Домог ёсоор тэдгээрийн дотор Дундад Азийн зүүн өмнөх уулархаг орон Памир улсын вангийн үзэсгэлэнт хунтайж, олон арван хүнээ бараа болгон дагуулж, мянган агт морь хөөн, Аюуругтай барилдан, тэмцэлдэх, ураглахаар ирсэн гэдэг. Хойтох өдөр нь Хайду ноён хатныхаа хамт бараа бологсод албат иргэдээ дагуулан хүрээ буудлынхаа төвд том цацарт тухлан сууж энэ тэмцээнийг сэтгэл догдлон сонирхжээ.

Олны өмнө гоёмсог зодог шуудаг өмссөн хоёр хүчтэн гарч ирмэгц бахархан сүрдэж, тэдний гоо үзэсгэлэнг ихэд биширчээ. Хайду ноён болон цугласан олон бултаар Памир улсын хунтайжийг «Хотол цагаан» гэж алдаршсан гүнжийг дийлж гэргийгээ болгоосой хэмээн нууцлан хүсэмжилж байсан ч, удалгүй Аюуруг гүнж хүчит хөвгүүнийг дээр өргөн хөвсийтөл савж орхижээ. Тогтсон ёсоор вангийн хүү мянган агтаа өгч бараа бологсдоо дагуулан оджээ.

Үзэсгэлэн төгөлдөр төдийгүй, өндөр сүрлэг идэрхэг Аюуругийг ялж, ураг барилдах хүчтэн гараагүй тул Раш Ад-дины тэмдэглэснээр «өөрийн хүслээр Курлас овгийн эгэл жирийн цэрэг эр Абтакулатай гэрлэн хоёр хүү төрүүлжээ.»(4) Аюуруг хүч зоригтой, ихээхэн дур зоргоороо засаглах дуртай нэгэн байв. Хайду ноёныг нас барсны дараа хүү Урус нь төрийн эрх эзэлснийг эсэргүүцэн «эцгийн эрхийг өвлөн авахыг эрмэлзсэнд ах дүү (Чипар, Дува, Урус) нар .... чамд утас, зүү үйл үртэсний ажил чухал .... төр улсын хэргийг чи юу мэдэх вэ ....» гэж (5) зэмлэн төрийн хэргээс ангид суух болсон.

Хожим Хайду ноёныг Или, Чу голын хооронд орших өндөр уул «Шонхорлигт» онголж Чу мужид Аюуруг хайрт охиных нь хувьд эцгийн онгоныг батлан сахиж суужээ.

Тайлбар:
* Хайду - Өгэдэй хааны V хүү Хашийн хатан Шабохонаас төрсөн ахмад хүү нь ажээ.

Ном зүй
1. Алтаншаа. Монголчуудын өчигдөрийн мөр. Улаанхад I дэвтэр, 1993, т809
2. Рашид Ад-дин. «Судрын чуулган» т-II, М, 1960, т 15
3. Алтаншаа. Монголчуудын өчигдөрийн мөр. Улаанхад I дэвтэр, т809
4. Рашид Ад-дин. мен зохиол, т16
5. мөн тэнд,
6. Далай Ч. Монголын түүх. 1260-1388. Гутгаар дэвтэр VI 1992, т 45-48

Эх сурвалж:
Хэрээд Ж.Урангуа, Боржигин Д.Энхцэцэг - "Монгол хатад" номноос

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.