Түвдэнгийн Бор (1913-1932 он)

Хувьсгалаар олсон эрх чөлөө, энх амьдралаа хамгаалахын төлөө эсэргүү дайсны гарт алтан амь, арван есхөн насаа алдсан Монгол Улсын Баатар Түвдэнгийн Борын түүх намтар богинохон боловч байгуулсан гавьяа өндөр юм. Халуун эх оронч, хатан зоригт энэ бүсгүй ХЗЭ-ийн үүрийн даргын алба хашиж эхэлсэн орь залуу насандаа эсэргүү нарын өөдөөс тэмцэж, төөрөлдсөн олон ардыг ухуулан сэнхрүүлж, хил давуулалгүй төрсөн нутагт нь буцааж чадсанаараа нам төрийнхөө даалгаврыг биелүүлсэн гавьяатай хүн юм.

Өгүүлэх нь: “Ах дүү нар минь ээ! Та нар хэний ятгалгаар, юуны төлөө ингэж төөрөлдөж хаа хүрч, хэн дээр очих гэж нүүдэллэж явна вэ? Төрж өссөн эх сайхан нутаг, түмэн олноосоо нүүр буруулан таниж мэдэхгүй харь газар руу амь наана, там цаана дүрвэж яваагийн учир юу билээ. Та нарыг буцаад очиход нутаг усныхан чинь элгэн садны ёсоор домботой цай, тавагтай идээгээ бариад магнай тэнийн халуун дотноор угтах болно”


Эх орончын үг, нутгийнх нь охины үг энэ байлаа. Идэр залуу охины энэ үг хүмүүсийн эргэлзээг арилгаж эх нутгийн зүг нүүдлийн бурантгийг сунгахад хүргэв. Гал цогтой чин зүрхний үг гэгч ийм хүчтэй ажгуу. Борын намтар товчхон агаад эдүгээгийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Дархар нүдэн гэдэг газар ядуу малчин Цэндийн гурав дахь охин болон мэндэлжээ. Аав нь ажилсаг, төлөв шударга нэгэн байсан нь охиндоо гойд нөлөөлсөн гэдэг. Нялхад нь ах Түвдэн гэлэнгээр овогложээ. 1930 онд 17 настайдаа Цогт сумын ХЗЭ-ийн 372 дугаар үүрт гишүүнээр элсэв. Нэг жилийн дараа Өмнөговь аймгийн Цогт сумын ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн даргаар сонгогдов. Энэ үеэс малчин ард, залуучуудад нам төрийн бодлогыг таниулах үйлсэд хүчин зүтгэж эхэлжээ. Цагийн байдал ороо бусгаа болж эрх ямбаа алдсан шар феодалууд худал цуу тарааж, Цогт сумын шар феодалууд болон Долоо шар Заг хийдийн лам Ганжуурваа гэгч өөрийгөө хувилгаан хэмээн өргөмжилж хэсэг хүмүүсийг өөртөө элсүүлэн баахан өрх айлыг хил давуулан нүүлгэхээр болов. Түүний хань хамсаатны дотор тус нутгийн хар феодал Дэл Хөнжилийн гэж алдаршсан балмад танхай дээрэмчин Дэлэгсамба болон Алаг Намнан, Сэрээ тайж, ногоон хэмээх Сандаг, бартаг Лут нарын эсэргүүнд орж Цогт сумын III, IV багийн хэсэг айл өрхийг ятгаж, хил давуулах ажлыг зохион байгуулжээ. Тэдгээр айлуудыг ухуулан сэнхрүүлж, буцааж нүүлгэх үүргийг Цогт сумын захиргаанаас авсан Бор тэргүүтэй хүмүүс өмнө хилийн зүг мордов. Шанхай уулыг давж Уушгийн улаан хад гэдэг газар бүгэж байсан Лут, Сандаг нарын бүлэгтэй тулалдаж ялаад тэднийг баривчлав. Цааш яваад Гүн заарагт бөөгнөрсөн айл өрхүүдэд очиж ухуулаг хийв. Ухаарч сэхээрсэн олон айл нутаг орондоо буцаж нүүжээ. Энэ нь эх орноосоо урван олон түмнийг буруу замд уруу татсан завхуул этгээдийн хорслыг төрүүлэн тэд жигшүүрт хэрэг үйлдэхээр шийджээ. Бор нарыг Шанхайн Заарагт үүргээ биелүүлээд цааш хөдлөхөд Дэлэгсамбаар толгойлуулсан тавь гаруй дээрэмчид отож байснаа бүслэн дайрч баривчлан авчээ.

Тэрхүү зургаан хувьсгалчдын гарыг алдлуулан тэлж тэмээний шат барьж хүлээд тэмээнд Зайдан унуулж ойролцоох Лүнгийн хийдэд аваачиж хорив. Үс гэзгий нь зулгаах, улайссан төмрөөр хайрах, хумсыг нь хуулах, хуруу гарыг нь хугалах зэргээр харгислан тамлаж байцаажээ. Эсэргүү нарын өөдөөс Бор: “Та нар ард олныг төөрөлдүүлж чадахгүй, хэргээ илчилж, буруугаа хүлээн ард олноо дагуулж нутагтаа буц. Та нарын үйлс бүтэхгүй, биднийг хороолоо ч хувьсгалт төр, засгийг устгаж чадахгүй” гэж гал цогтой үгээ хэлжээ. Занаж хорссон зандалчид тэднийг Тугийн цохио хэмээх хадтай хярд аваачиж хорь орчим метр өндөр хадан дээрээс хүлээтэй нь түлхэн, араас нь буудаж, хад чулуугаар бяц цохин хороов.

“Яргачин дайснууд сөнөтүгэй, нам засаг, МХЗЭ мандтугай!” гэсэн эрэлхэг цогтой үг бол Түвдэнгийн Борын сүүлчийн үг байлаа. Хатан зоригт Борын гавьяа үүрд дурсагдан үлдэв. Тиймээс ч 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Т.Борд Монгол Улсын баатар цол нэхэн шагнаж Цогтцэций сумын төвд дурсгалын хөшөөг нь босгож, тус сумын дунд сургуулийг түүний нэрэмжит болгосон билээ. Шуудхан хэлэхэд Бор бол хотын гудамжнаас гарсан “баатар” биш, халуун амь бүлээн цусаа хамаг олныхоо төлөө зориулсан Монгол Улсын жинхэнэ баатар юм.

Говийн энэ эрэлхэг бүсгүйн тухай кино, жүжиг, шүлэг, дууль, дуу олон гарсан нь түүний алдар гавьяаг мөнхжүүлсэн хэрэг билээ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сургуулийн өмнө сүндэрлэн байдаг хөшөөний эзэн Т.Борын баатарлаг гавьяаны тухай дөч гаруй жилийн тэртээ “Эр зоригийн дуулал” хэмээх нэгэн шүлэг бичсэнээ эргэн саналаа. Тэрхүү шүлгээ бүрэн эхээр нь буулгаж энэхүү хөрөг нийтлэлээ жаргаая.

Эр зоригийн дуулал

Тугийн цохио
Гучин хоёр он
Үүрийн цолмон шиг
Арван есөн нас
Ухаант ардын минь тэр л охин
Уужим говийн Зояа билээ
Үнэнийг гэрчлэх хөшөө болж
Үеийн үед зогсоо билээ
Түвшины талынхаа амгаланг илтгэж
Төгс зоригийн ая өргөх
Энэ хөшөөний дэргэд
Шинэ үе өсч байна
Эрх чөлөө, жаргалын үнийг
Сэтгэл зүрхээрээ мэдэрч байна
Тэгээд ч өнөөдөр охид хөвгүүд минь
Тэнэгэр нутгийнхаа нарны доор
Тэртээ үеийн захиасыг өвөрлөн
Тэгшрэн жаргахын заяаг өвлөн
Гэгээн саруул төрийнхөө
Бор болон төрж байна
Гэрэлт сайхан ирээдүйн
Нэр болон өсч байна

Үүрийн цолмон өглөөг зарлан тэнгэрийн дорно хаяанаас тодрон гялалзсаар хөөрдөг билээ. Тэр гэрэлт цагаан од тэнгэрт мөнхөд гялалздагийн адил он жилийн уртад Улсын баатар, эх орон, эвлэл намынхаа үнэнч охин Т.Борын нэр алдар, үйл хэрэг хэзээ ч балран бүдгэршгүй ашид мандан мандсаар бүлгээ.

Э.Хашчулуу

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.