Тулуйн хатан Сорхогтань

Тулуй бол 1193 онд Их хатан Бөртэ үжингээс төрсөн Чингис хааны отгон хүү бөлгөө. Монголчуудын эртний уламжлал ёсоор «голомтын эзэн» хэмээгдэх Тулуй, зан ааш аядуу зөөлөн, сайхан сэтгэл, эрэлхэг зоригтой, цэрэг дайны эрдэмд гарамгай нэгэн ажээ. 1211 оноос Тулуй хаан эцгээ даган Алтан улс, Хорезм, Бухар, Самарканд.Тангудыг эзлэх бүх дайнд оролцож явсан байна.

XIII зууны тэргүүн хагаст Тулуйг бусад хаан хөвгүүдээс онцгойлон «Их ноён» хэмээн хүндэтгэж, түүний хувь эзэмшил - жинхэнэ суугуул монгол орныг гүрний « голын улс» гэж нэрлэх болжээ.
Тулуй хэдийгээр онцгой эрх эдлэн Монгол нутгийг өвлөн эзэмшиж, ихээхэн нэр хүндтэй нэгэн байсан ч хаан ширээний төлөө тэмцэж байсангүй. Их хаан Өгэдэй, хааны суурийг эзлэх үед «...Би ахын мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж явъя...» гэж өөрийн бүх оюун чадал, эрдэм ухаан, амь нас юугаа монголын их хаан төрд харамгүй зориулахаа илэрхийлжээ. Тулуй, түүний уудмынхан суугуул нутаг ус, төр улсаа батлан сахиж, 350 гаруй жилийн турш Мөнх хаанаас - Лигдэн хутагт хүртэл монгол улсынхаа төрийг барьж байсан түүхтэй.

1203 онд Чингис хаан Хэрэйд аймгийг дагуулахдаа эл аймгийн Тоорил ханы дүү Жаха Хамбын хоёрдугаар охиныг олзлон аваад хүү Тулуйдаа хатан болгон өгчээ.
Тулуй (1187-1232), Чингис хааны отгон хөвгүүний хувиар Монголчууд «нуган хүүхэд нутгаа эзэмшдэг, охин хүүхэд өнгөө шилүүлдэг» хэмээж отгон хөвгүүнээ гал голомтын эзэн гэдэг байсан тул Чингис хааныг хальсний дараа Монголын суугуул нутаг, харъяат ардаа захиран суув. Тэр 1227 оноос 1229 он хүртэл, өөрөөр хэлбэл Чингис хааны дараа Өгэдэйг хаан суутал төрийн хэргийг түр хамаарч байжээ.

Чингис хаан сэрүүн тунгалаг байхдаа отгон хүү Тулуйгаа хамгаас илүү хайрлаж, аян дайнд дагуулж явдаг тул Тулуй эцгийнхээ байлдааны арга ухааныг чадамгай сайн эзэмшсэн ажээ. Чингис хаан Өгэдэйгээр хаан ороо залгамжлуулах шийдвэр гаргахад Тулуй: «Би хаан эцгийн нэрлэсэн ахын дэргэд байж мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж, уриалах дуунд уухай болж, унах моринд ташуур болж, холын аянд явалцаж, ойрын дайнд оролцож туслая» гэж хаан эцэгтээ амлан айлтгасанд Чингис Тулуйг ихэд сайшаасан билээ. Тэрбээр эцэг Чингисийн дэргэдээс нэгхэн бээрч салаагүй хамт дагасаар харийн Тангуд нутагт хайрт эцгийнхээ амьсгал хураахад толгойг нь түшсэн билээ. Хаан эцгийнхээ билиг сургаалыг нь хамгийн их сонсож, өөртөө арга ухаан болгож хоцорсон нь хөвгүүдийн дотроос Тулуй байв. Иймээс Монгол улсын хоёрдугаар үеийн их хаан өргөмжлөгдөхийн өмнөх хоёр жил шахмын хугацаанд төрийн хэргийг хамаарч Монгол нутагтаа нэлээд зүйл хийсэн юм. Ах Өгэдэй хаан хүнд өвчинд нэрвэгдсэн байх үед Тулуй өөрийн биеэр оронд нь үхье гэж тэнгэрт даатгаснаас, тэнгэр сахиус түүнд өршөөл буулгаж, золио болгосон гэж Монголын баатарлаг туульсад гардаг ажээ. «Өнчин хүүхдийг минь, бэлэвсэн эхнэрийг минь хүмүүжүүлэн асрахыг ах хаан мэдтүгэй» гэж өнчин бэлэвсэн авгай хүүхдээ их хааны хишигт найдсаар насан эцэслэсэн Тулуйн эцсийн үгс Өгэдэй хааны сонорт хэзээд замхаршгүй үлдсэн байх ёстой биз /1/. Ингэж Тулуй амласанаа марталгүй санаж, хаан эцгийн гэрээст үнэнч, хаан ах Өгэдэйд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэн явсаар таалал төгссөн ажгуу.
Сорхогтань хатны нэрийг манай монголын сурвалж бичгүүдэд Сорхогтани, Сорхогдай, Соорхогдай, Сорогдай гэж олон янзаар тэмдэглэн бичсэн байдаг.

Сорхогтань хатан бол Хэрээд аймгийн захирагч байсан Ун ханы дүү Жаха Хамбын төрсөн охин болно. 1203 онд Чингис хаан Хэрээдийг мөхөөж дарсны дараа Ун ханы дүү Жаха Хамбын хоёр охиныг олзолж, эгч Ибагийг нь Чингис хаан өөртөө эхнэр болгон авч / хожим нь Чингис хаан энэ хатнаа дайн байлдаанд онцгой гавъяа байгуулсан хэмээн их жанжин Сүвээдэй баатрынхаа ач тусыг хариулахын түлд түүнд Ибагийгаа өгсөн байна./, харин охин дүү Сорхогтанийг нь отгон хөвгүүн Тулуйд өгснийг Тулуй хатнаа болгож авчээ.

Өгэдэй, Тулуйг нас барахад Сорхогтанийг хөвгүүн Гүюгтээ хатан болгох гэсэн боловч Сорхогтань бэхи: «Хааны зарлигийг хэрхэн зөрчиж болох билээ. Гэвч өнчин үлдсэн хэдэн хөвгүүнээ өсгөн хүмүүжүүлж, тэднийг гарыг нь ганзаганд, хөлийг дөрөөнд гишгүүлэхийг хүснэм» хэмээн айлтгасанд Өгэдэй тэр үгийг зөвшөөрч, Сорхогтанийг Гүюгт хатан болгох саналаасаа татгалзсан ажээ./2/

Өгэдэй хаан Тулуйг нас барахад зарлиг буулгаж түүний амьд сэрүүн байхдаа эзэмшин захирч байсан арван хоёр түмэн есөн мянган цэрэг ба арван түмэн нэгэн мянган харъяат ардыг бүгдийг нь Тулуйн бэлбэсэн хатан Сорхогтань бэхид захируулсан гэдэг. Мөн Хэнань муж болон Сианьши мужийн дөрвөн түмэн өрх ардыг Сорхогтанид өгчээ. Сорхогтань Тулуйн хатан болоод дөрвөн хөвгүүн төрүүлсэн бөгөөд тэдгээр нь Монголын түүхэнд алдар нэрээ мандуулсан юм. Ууган хөвгүүн Мөнх нь (1208-1259) Их Монгол улсын дөрөв дэх их хаанаар өргөмжлөгдөөд нэгэн үе Монголын төрийг төвшрүүлж, ард түмнээ амирлуулан жаргаасан. Удаах хүү Хубилай (1215-1294) нь Хятадыг байлдан дагуулж, Юан улсыг үндэслэн байгуулсан болой. Гуравдахь хөвгүүн Хүлэгү бас бүх Ираныг зуу гаруй жил ноёрхсон Ильханы улсыг байгуулав. Отгон хүү Аригбөх нь гал голомтын эзний хувиар суугуул Монгол орноо захиран суусан ажээ. /3/

Тулуйг нас барсны дараа Өгэдэй хааны өгсөн Тулуйн харъат цэргийг Сорхогтань хатан өөрийн хөвгүүн Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх нарт хуваан өгч захируулсан бөгөөд өнчин хүүхдүүдээ ганцаар өсгөж хүмүүжүүлсэн юм. Хүүхдүүд нь чанга нямбай хүмүүжиж, эрийн цээнд хүрээд цөм хааны удмын байр суурь, язгүуртан ноёдын эрх мэдэлтэй болсон нь тэр эхийн гавъяа билээ.

Сорхогтань хатан эгэл ард хийгээд аливаа шашинтныг хүндэтгэдэг.Тиймээс ч дөрвөн зүг, найман зовхисоос нийслэл Хар Хорум хотноо хүрэлцэн ирж хоргодон байсан үгээгүй ядуу хүмүүст өдөр бүр өглөг түгээдэг байжээ. Сорхогтань хатан хэдийгээр загалтайтны шашин шүтдэг байсан боловч лалын шашинтнуудыг дэмждэг байв. Нэгэн удаа тэрээр лалын шашны мөргөлтнийг мянган лангийн шижир алтаар шагнаж Бухар хотод «Эрдэм мэдлэгийн төв» гэсэн сургуулийг мянган хөвгүүнтэй байгуулж, газар олгосон гэдэг. Лалын шашинтнууд үүнд нь баярлан талархаж Сорхогтань хатны ач гавъяаг үеийн үедээ дурсч энэ сургуулиа «Хатны сургууль» гэж нэрийдсэн юм. /4/ Түүний төрүүлж өсгөн , эрийн цээнд хүргэсэн алдарт хөвгүүд нь ч эхийнхээ нэгэн адил янз бүрийн шашинтнуудыг дэмжиж байв.

Тулуйн ганц охин Тэмүгин бэхи Датунгийн Хуа янь сэ сүмийн хувраг Хайюны сургаалыг хүртсэн удаа бий. Аригбух бол Кашмирын бурхны суртахууны даяанч Наму гүүшийг шүтэж байсан тэмдэглэл байдаг.
Иранд ноёрхсон Хүлэгү Исламын ертөнцөд хамгийн цээртэй бурхны сүмийг байгуулсан алдарт түүхтэй. Мөнх хаан ширээнд суухаас өмнө Хятад дах Шоү лин се сүмийн хувраг Юйг урьж ирүүлээд хэдэн сараар ном сонсож байжээ. Бас Алтан улсад үйлчилж байсан Хятад эрдэмтэн Ван-эйг ахин дахин Хар Хорумд дуудан авчраад Хятадын эрдэм мэдлэг хийгээд хэрэг явдлын талаар сонсож байжээ. Тэр ер нь цэнгэж найрлах дургүй, ан гөрөө хийх дуртай ажээ. Эдгээр хүмүүс нь Тулуйн төрсөн хөвгүүдийн хувьд, Сорхогтань хүмүүжүүлсний хувьд чухамхүү ийм л зан чанараар заяагдах ёстой байлаа.

Сорхогтань хатан бол арга ухаантай, сэргэлэн хүн байсан болохоор зөвхөн өөрийн харъяат ардаа захираад зогсохгүй бас төрөл угсааныхандаа сэтгэл тавин анхаардаг байжээ. Тулуйг нас нөхцсөний дараа, Өгэдэй хаан Сорхогтань хатан ба түүний хөвгүүдийн захирч байсан Сөнид аймгаас мянган хүн, Сүлдэс аймгаас хоёр мянган хүнийг таслан авч хүү Годанд өгөв. Үүнд энэ хоёр аймгийн ноёд, бэлбэсэн хатан Сорхогтань ба түүний хөвгүүдэд зарга мэдүүлэхэд хатан :«Та нарын заалдах гэж байгаа ёсгүй зүйл биш, гагцхүү гурван мянган тоо төдий олон биш болохоор миний хөвгүүдэд их хохирол болохгүй. Энэ нэг өчүүхэн хэргийн тул хааны өмнө зарга мэдүүлэхэд хүрвэл гутамшиг билээ. Бид цөм их хааны сайд түшмэд бөгөөд хаан болбоос бидний цөмийн эзэн тул, ямар хамаатай юм» /4/ гэж хариулжээ. Үүнийг сонсоод олон жанжин нар дахин уг асуудлыг сөхөөгүй гэдэг. Сорхогтань хатан ингэж өөрийн төрөл угсааны харьцааг зохистой шийдвэрлэж байжээ. Үүнийг хожим нь Өгэдэй хаан олж сонсоод Сорхогтань хатны эрдэм мэдлэг, арга ухааныг биширч, төр гүрний хэрэг явдлыг хэлэлцэхэд түүнийг урьж оролцуулан, зөвлөлдөх болжээ.

Өгэдэй хаан хальсны дараа Дөргөнэ хатан төр барьж байрхад олон ван, язгууртнууд түүнд захирагдахгүй тус тусдаа туг босгож, хувь хувьдаа элч зарж, зарлиг заавар гарган, олз ашиг олохын төлөө хөөцөлдөж алба татварыг хүртэл дураараа өсгөн нэмэгдүүлж, хэнд ч захирагдахгүй дөвчигнөж байхад гагцхүү Сорхогтань хатан, түүний хөвгүүд тэднийг дагаж дэрвэхгүй, төв төлөв байсан тул Гүюг хаан суурийг залгамжилсныхаа дараа, тусгайлан Сорхогтань хатан, түүний хөвгүүдийг шагнаж хөхүүлэхийн хамт бас олон ван, хатадыг түүгээр үлгэр дууриал болгож явтугай гэж зарлиг буулгаж байжээ. Гүюг хаан мөн аливаа соёрхох, шагнах явдлыг Сорхогтань хатанд тушаан өгч түүнтэй зөвшилцөн гүйцэтгэж байх зарлиг буулгасан гэдэг.

Сорхогтань хэзээд алтан ургийнхны дотоодын эв нэгдлийг эвдэх явдлаас болгоомжлон сэрэмжилдэг байжээ. Жишээ нь: 1236 онд Европ руу хийсэн аян дайны үед Гүюг, Бат хоёр санал зөрөлдөж эвдрэлцсэн, мөн Гүюгийг хаан ширээнд суухад Бат өвчтэй гээд ёслолд оролцоогүй, мөн хаан Гүюгт нэг ч удаа ирж бараалхаагүй зэрэг хойно өмнөх явдлыг бодолхийлж Гүюг хаан, Бат хаанаас өшөө авах магадгүй гэж сэжиглээд Сорхогтань хатан Гүюг хааныг Имил орж өвчин сувилуулах нэрийдлээр баруун тийш явсан нь ийм санаатай байж магадгүй хэмээн сэжиглэн, тэр даруй хүн томилж, энэ явдлыг Батад нууцаар мэдэгдэж «сэрэмжтэй бай» гэж сануулсан ажээ.

Сорхогтань хатан хүү Мөнхдөө Их хааны суурийг залгамжлах нөхцөл бүрдүүлж өгсөн юм. 1251 онд шинэ их хааныг өргөмжлөх их хуралдай хийхэд хуралдайд оролцогсод хоёр хэсэг болж тухайлбал, Өгэдэй, Цагаадайн ач үрс нэг талд, нөгөөд Зүчи, Тулуйн хойчис болоход нэг хэсэг нь Өгэдэй хааны ач Ширэмүнийг, нөгөө хэсэг нь Тулуйн хөвгүүн Мөнхийг хаан болгохоор зүтгэжээ. Тийнхүү харилцан маргалдаад эцэст нь ураг төрлийн дотроо ахмадын нэг болох Батыг хаан болгохоор санал нэгтэй зөвшөөрөв. Гэвч Бат үүнийг хүлээж авалгүй харин Мөнхийг хаанд өргөмжлөхөөр зүтгэсэн байна. Энэ бол Батын Сорхогтань хатанд талархсны илрэл болов уу?

Сорхогтань хатан туйлын өглөгч, өршөөлтэй хүн байсан. Өгэдэйг таалал төгсч, түүний хөвгүүн Гүюг хаан суухад, цугласан олонд тоо томшгүй алт, мөнгө, сувд тана, эд эрдэнэс, хувцас хунарыг түгээн шагнасан гэдэг. Мөн хүү Мөнхийг хаан суулгах ёслолын үеэр хуран цугласан хүмүүст маш их хэмжээний өглөг хишиг тарааснаас гадна хүүдээ: «Чи хаан суугаад удаагүй тул өршөөлт засаг явуулах ёстой. Хаймиш хатан ба түүний хүүхдүүдийг уучлах хэрэгтэй» хэмээн сануулж байсан юм. Мөнх эхийн ухаалаг зарлигийг үл хэрэгсэн, Өгөдэй, Цагадайнханыг хүчээр дарангуйлахад Сорхогтань ихэд хилэгнэн буруушааж байсан гэдэг. Сорхогтань хатан 1252 оны цагаан сарын үеэр нас баржээ. Алтан ургийн дотор олны хүрээллийг олж, зүтгэлтэй явсан энэ хатан өөд болсон нь Монголын алтан ургийнхны дотор их гарз болсон юм.

Дотоодын эв нэгдлийг хамгаалан харгалзаж байсан энэ хүнээс хойш Мөнх хаан өөртэй нь санал зөрөлдөж хаан ширээг булаацалдсан хүмүүсийг төрөл угсааных гэж хамааралгүй хүнд шийтгэсэн юм. Энэ шийтгэлээс Ширэмүн, бас Гүюг хааны хатан Хаймаши ч хэлтэрч чадаагүй билээ. Өгэдэй хааны үр садаас ингэж хоёр хүн алагдсанаас Өгэдэй, Цагаадайн төрөл нар өшөө хорсол өвөрлөх болж алтан ургийнхан дотроо эв тасарч тэмцэлдэх болсон байна.

Алтан урагтны дотор туйлын нэр хүндтэй явсан Сорхогтань хатны гавъяа зүтгэлийг үнэлэхийн тулд түүний хоёрдугаар хөвгүүн Хубилай нь Их Юан (1271 онд) улсыг байгуулсны дараа эцэг Тулуй, эх Сорхогтань нараа дурсан хүндэтгэж, элдэв цол гуншин нэхэн шагнаж байсан мэдээ хятад сурвалж бичигт байдаг байна.

«Хубилай хаан ба түүний амьдрал цаг үе» гэдэг зохиолдоо эрдэмтэн Моррис Россаби Сорхагтань хатны эрдэм ухааныг ихэд магтан, түүний амьдарч байсан үеийн хамгийн гайхамшигт хүн байсан хэмээн магтан бичжээ. /6/ Түүнчлэн христос шашныг дэлгэрүүлэх зорилгоор Хар Хорумд хүрэлцэн ирсэн Францын Плано Карпини: «Татар хатадын дотроос хамгийн алдартай хатан бол хааны эх Сорхогтань хатан» /7/ хэмээн магтан бичсэн бол алдарт түүхч Рашид-ад Дин «Сорхогтань хатан бол онцгой авъяас ухаан чадвараараа дэлхий дахины бүх эмэгтэйчүүдийн тэргүүлэх хүн байсан. » /8/ гэж бичсэнийг М.Россаби иш татан бичсэн байдаг.

Ишлэл, зүүлт.

1.Отахи Мацуво. Хубилай хаан. УБ., 1991. Т 48
2.Алтаншаа. Монголчуудын өчигдөрийн мөр. Улаанхад 1988, т 309
3.Далай Ч. Монголын түүх. Их Монгол Улс. 1206-1260 Дэд дэвтэр. Т 205
4.Отахи Мацуво. Дурьдсан зохиол. Т 53
5.Алтаншаа. Дурьдсан зохиол. Т 312
6.Моррис Россаби. Хубилай хаан түүний амьдрал цаг үе. Т 11
7.Мөн тэнд
8.Мөн тэнд

Эх сурвалж:
Хэрээд Ж.Урангуа, Боржигин Д.Энхцэцэг - "Монгол хатад" номноос

1 comment:

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.