Баяд ёсноос ...

Олон зуун жил Монголын нутагт нүүдэллэн амьдарсан баядууд XVII зууны эхээр одоогийн Увс аймгийн Зүүнговь, Тэс, Малчин, Хяргас сумын уулс ус, говь хангай жигдэрсэн нутагт суурьшин амьдарцгаажээ. Баядууд нь ингэж нэгээс нөгөөс шилжин нүүдлэн явахдаа өөрийн гэсэн соёл, ёс заншил, зан үйлийн өвөрмөц хэв загварыг бий болгож одоо ч түүнийгээ уламжлан хадгалсаар эдүгээг хүрчээ. Эдгээр ёсонд:

Хүндлэх ёс: Мэнд мэдэх, хүндэтгэж зочлох

Ураг төрөл, өрх гэрийн ёс: Худ ураг барилдах, гэр бүл ахуй доторх ёс, гэрийн зай ашиглалт, суух суудал хөдөлмөрийн хуваарь дахь ёс горим

Хүүхэдтэй холбогдох ёс: Төрөх, зан үйл, хүүхдийн угаалга, өрлөг авах ёс, гэрийн хүмүүжил олгох ёс, хүүхэд үрчлэх ёс

Нүүдэл суудлын ёс

Хурим найрын дэг ёс

Цагаалах зэрэг ёсууд багтдаг.

Хүндлэх ёс: Баяд ястангуудын хоорондын харилцаа холбоо, заншил, ёс горимонд хүндэтгэлийн хэлбэр болох мэндлэх ёс, золгох, тамхилах, зочлох, зочлуулах уламжлал багтдаг. Насаар дүү хүн нь ахмад хүнийхээ тохойг доороос нь хоёр гардан хүндлэн хацраа өгөн золгодог. Мөн ингэж золгохдоо улирлын байдлаар мэндлэх ёстой. Мөн малын бэлчээр, тал хээр аян жин нүүдэлд яваа үест зориуд зам тосон очиж мэндчилдэг заншил байснаас гадна хонь хариулж яваа хүнтэй уулзаад “Хонь сайн тогтож байна уу” гэх буюу аян жинтэй тааралдвал зөв талаараа зөрөлцөн, “аян замдаа сайн явж байна уу” гэх зэргээр хүндэтгэлтэй мэндлэн өнгөрдөг ёстой. Баядууд ялангуяа нүүж яваа айлын ачааг тосон цай идээгээ барин очиж мэндлэн зочилдог уламжлалтай. Зэрэг зиндааг харгалзан хүндэтгэдэг байсны гадна настангуудын дэргэд тамхи татах, архи уухыг цээрлэдэг байв. Эр хүн дөчин нас хүрч байж найр хуриманд насны эрэмбээр сууж 3-аас илүү хундага тогтоодоггүй ёстой. Гэрийн эзэн, эхнэр хоёр өөрсдийгөө манай хүн, гэрийн хүн хүндэтгэх дотночлон нэрлэдэг байв. Зочин гэрт орж суухдаа эрэгтэй нь баруун талд, эмэгтэй нь зүүн талд сууна. Эр хүн айлд буугаад морио уяснаа нягтлан үзэж гэрийн үүдэнд ирэхдээ дээл, малгай, хувцасаа засаж, хутгаа буулгаж орж, гэр доторх хүмүүстэй насны эрэмбээр мэнд мэдэлцэж тамхилдаг. Ирсэн зочинд цай аягалж барихдаа амсар бүтэн аяганд цай хийж барьдаг. Тавьсан идээнээс амсахдаа өнгийн цагааныг шилж, өрөм ааруулнаас эхэлж, зөв гараар хүргэж амсана. Баядууд настайчуудад дал дөрвөн өндөр, шаант тэргүүтнийг чанаж таваглах буюу залуу хүмүүст сээр хавирга, харин эмэгтэй хүнд гол төлөв өвчүү чанах буюу сүүж, сүвээний 3 хавирга чанадаг заншилтай.

Ураг төрөл болох ёс: Баядууд өөрийн омог яснаас ураг барилдахыг цээрлэдэг байв. Иймээс охиноо хүнд өгөх, бэр буулгахдаа ус нутгийн холыг сонгохыг урьдал болгож иржээ. Мөн аргын тооллын 12 жилийг гурав гурваар нь ивээл жил хэмээн үзэж ураг барилдахад эрхэмлэж иржээ.
1.Хулгана, бич, луу
2.Үхэр, тахиа, могой
3.Бар, нохой, морь
4.Туулай, гахай, хонь тус тус ивээл байдгийг ихээхэн бодолцож байжээ.

Гэрт суух суудлын хэлбэр байрлалд ч ёс горим байсан. Тухайлбал завилгаа суудлаар гэрийн эзэн буюу ахмадууд , лам хувраг суудаг. Дашрамд дурдахад энэ суудал нь бурханы суудал гэх буюу цусны эргэлт, солилцоо сайжруулдаг гэдэг. Ер нь явган суух, сөгдөх, хөл ачих, сүүжилдэж суух зэргийг цээрлэх ёстой. Мөн гэрийн багана түшиж зогсох, хаалга алдах, босгон дээр суух, явган сууж идэх уух, гэрт исгэрэх,гар салаалавчлан хэвтэх, хэвтээгээрээ идэж уухыг цээрлэдэг байжээ.

Хүүхэдтэй холбогдох ёс: Баядуудын хүүхэд төрөхтэй холбогдсон уламжлалт ардын мэдлэг нь гэр ахуйн хэв заншил зан үйлд зохих нөлөө үзүүлж байжээ. Тухайлбал ямар хүйстэй хүүхэд төрөх гэж буйг эмэгтэйн өвдөх шинж төрхөөр нь тодорхойлоод гэрийн аль талд төрөх байр бэлтгэхийг шийддэг заншил ч байсныг одоо ч настайчууд ярьдаг юм. Төрөх эмэгтэйн нуруугаар их өвдөж байвал хүүтэй болох нь гэж үзэж гэрийн баруун хатавчинд байр бэлтгэх, хэвлий давсагаар их өвдөж байвал охин гарах нь хэмээн гэрийн зүүн хатавчинд байр засдаг уламжлалтай байв.Төрсний дараа эхэд илүү анхаарал тавьж байсан. Тухайлбал дөнгөж төрсөн эхэд хонины шагай чөмөг чанаж, давс багатай, хурц биш шөл уулгадаг нь төрсөн эхийн шүдийг сулруулахгүй байх сайн талтай гээж үздэг. Тэр чөмгийг хүүхдийнхээ нэрээр хадгалдаг уламжлалтай. Бас эхийг төрөнгүүт үнээний түүхий бүлээн сүү өгдөг нь эхэс тордоггүй мөн биеийн сойлт сайн явагддаг гэж буцалсан ус уулгадаг, хий алга болгох зорилгоор 3 халбага шар тосыг төрхийн өмнө уулгадаг уламжлалтай.

Хурим найрын дэг ёс: хуримлах ёсны эхний хэсэг нь бэр гуйх явдал юм. Хүүгийнхээ санаа бодлыг сонсож зөвшилцсөний дараа урьдчилан хэл хүргэсний дагуу товлосон өдөр авга буюу ах нь хүүгээ дагуулан худ ураг болох айлд хадаг, цай, сүү, хөхүүр архитай очно. Ердийн яриа хөөрөө болж, цай унд барьсаны дараа хүүгийн тал зорьж ирсэн учраа айлтгаж ёс, төртэйгээр бэр гуйхдаа

Сарын сайныг Саатан хүлээж
Өдрийн сайныг өнжин хүлээж
Төгс өлзийтэй сарын
Тэнгэр хишигтэй өдөр ирлээ
Буга намнаачин манайд
Булга зүүгээчин танайд
Уурга бугуйлчин манайд
Уялга оёогчин танайд
Энэ хоёрын ерөөл
Эрхэм заяа гэсэн билээ
Хайр хишгээ хүртээж
Хариу соёрхож хайрлана уу? гээд эцэст нь хадаг, сүү, эхэд торго, цай, сүү барьж, бурхан тахил, гал голомтонд нь идээний дээжээ өргөдөг. Хадгийг авсан бол охиноо өгөхийг зөвшөөрч байгаа гэж ойлгодог уламжлалтай. Дараа нь хүүгийн эцэг, эх, ах дүү нарт бүгдэд нь бэлэг сэлт барьж гар цайлгана. Бэр буулгахын урд өдөр “хуримын өмнө хоёр торьтой хүн” хэмээх элч бэрийнд очиж, маргааш хэдэн цагт бэрээ авахыг мэдээлэн, тэндээ хонодог. Бэрийг авахад ивгээл жилтэй тохитой томоотой эр хүн, бэргэн , хүү гурав очдог ёстой. Бэрийг ээж бэргэн болон дагалдах 2-оос 3 хүн хүргэж ирнэ. Бэр эхнэр хүний тэрлэг, цэгдэг өмсөж малгайн дотроос нимгэн торыг хамрын үзүүр хүртэл унжуулж, нүүрээ хаасан байдаг. Бэрийг цагаан эсгий дээр хүндэтгэлтэйгээр буулгаж, хадмын гэрт орулан мөргүүлж, галд цуцал нэмүүлнэ. Хадам эцгийнхээс авсан галын хамт бэргэд бэрийг гэрт нь оруулж, гал асаалгана. Дараа нь бэрийг хүргэж ирэгсдийг гэрийн эзэд дайлж зочилдог. Бэргэд тэндээ хонож хүү, бэр хоёрыг өвөрт нь оруулж, маргааш нт шалгаж үздэг заншил эрт дээр үед байжээ. Эх, бэргэн нар буцахдаа охиныхоо хормой дээр чулуу, сүх тавьж, бат бэх гэр бүл болохыг ерөөнө. Гурав хоносны дараа шинэ гэрийн эзэд “Хөшиг тайлах” найр хийж, хоёр талын эцэг эх, ах дүүс нарыг урьж дайлна.

Цагаалах ёс: Цагаан сар ойртох тусам айл өрх бүр боов боорцог, идээ шүүс, архи айргаа бэлдэж, банш бууз боож бэлтгэдэг. Цагаан сараар гоёх шинэ дээл, гутал хувцасаа оёж, гэр орон, хашаа хороогоо цэвэрлэж, утаа тоосоо гүвдэг. Битүүний орой идээ будаагаа өрж, бурхандаа зул өргөнө. Баядууд хонины толгой чанаж бурхандаа тавьдаг. Хүүгийнх айл хамт бол битүүний орой эцгийндээ зул өргөж, идээ хүртээдэг уламжлал бий. Битүүний орой нь нэг гэртээ цуглаж, үхрийн чөмөг цуулж
“Битүү нээгдэв
Бүрхэгийг дэлгэрүүлэв
Буур жил гарч
Ботгон жил оров “ гэж ерөөл тавьж бас хонины шагай чөмгийг тэр хот айлын бяр тэнхээтэй эрд өгч мөлжүүлэн, чөмөг татуулдаг байв. Харин баядын айл бүр ууц тавьдаггүй. Баядуудын цагаан сар жилдээ хүчинтэй гэх нь цагаан сараар золгоогүй хүмүүс хэзээ ч нэгэнтэйгээ золгох боломжтойг илэрхийлсэн хэрэг.

Баяд ардын уртын дууны онцлог: Халхад хурим найрын дууг зээ-тэй, зээ-гүй уртын дуу гэж ангилдаг бол баядын уртын дуунд “зээ” байдаггүй бөгөөд “зээ”-г ерөөл хэлэх үед “Зээ...” гэж эхэлдэг. Харин баядын уртын дуунд лаа-зэй, лоо, ээ, нэй, оо гэх мэт сул үгүүд их байдаг ба энэ нь сайхан аялгуутай сонсогддог, баядууд уртын дуугаа “Айдам” хэмээн нэрлэдэг ба тэр нь “аялгуу” гэсэн үгнээс гаралтай. Баядын бии биелгээ Ойрад монголчуудын дунд тус тусын зориулалттай олон бии биелгээ байсан. Үүнд цацал, елкэндэг, жороо морь, жалам хар, мөргүүл, дөрвөн ойрад, цэцэн залан, цайгийн дундуур гэх мэт. Баруун монголын дөрвөд захчин, Урианхай, Торгууд, Баяд ястаны биелгээ хөдөлгөөн, биелэх дэгийн хувьд өөр өөр байдаг. Жишээ нь: елкэндэг бий дөрвөд, баядад аль алинд нь байгаа боловч дөрвөдөд толгой гар зөрдөг бол, баядад толгой нь гараа дагадаг, мөн дөрвөд баядын алинд ч жороо морь биелгээг биелдэг боловч дөрвөдөд ууд дарахдаа ойрхон хоёр ууд дардаг бол баядад нэг л удаа морь уудаа дарахад эзэн хүн даган тонгойж татан авч байгаа мэт үзүүлдэг гэх мэт ялгаанууд байдаг. Тэдгээр биелгээнүүд дотроос маш уран бөгөөд биичдээс их уран чадвар шаарддаг. Бии бол баядын елкэлдэг юм. Елкэлдэг бииг биелэхэд хормой чичрэхгүй, зөвхөн цээж толгой, гарын хөдөлгөөнөөр илэрхийлдэг хатуу дэгтэй юм.

Гал голомт дээдлэх ёсон: Баядууд гал голомтоо дээдлэх, тахих, мөргөх зан үйлийг эрхэмлэх баримталж, чанд сахидаг дэгтэй. Тэд хүүдээ гэр бүрээд эцгийн голомтоо тасалсан галыг унтраахгүй хонуулахын тулд маш хариуцлагатай хүнийг сонгон гал мануулдаг байжээ. Мөн баядуудад гал мялаах заншил байдаг. Шинэ эд идээний дээжийг, ялангуяа хотын амны сэнж бусад өөхийг өргөн хүндэтгэдэг. Үүнээс гадна гал д хориотой зарим цээрийн ёсыг чанад сахиж галд бохир зүйл оруулбал галын нүд өвдөнө хэмээн үздэг. Баядын хуримын ёсонд шинэ бэр галд өөх тос өргөж, урд хормойгоо дэвсэж өргөдөг энэ нь харь овгийн хүний эцэг эхийн ариун голомтонд мөргүүлж өөрийн елкэний дансанд оруулж байна гэсэн утгатай.

Баяд хувцас өмсгөл: Баяд хувцас зүүсгэл нь ур хийц, бэлэгдлийн чанараараа баяр ёслолын, ажлын, энгийн гэх мэт зориулалтаар ялгагдана. Хүндэтгэл ёслолын хувцасны нэг бол эхнэр хүний цэгдэг тэрлэг юм. Баяд эхнэр хүрэн, хүрэн улаан өнгийн цэгдэг тэрлэг өмсдөг.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.