Хотгойдын шадар ван Чингүнжав /1710-1757/

Манжийн дарлалыг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, зэвсэгт бослогын гол удирдагчдын нэг бол Хотгойдын шадар ван Чингүнжав байсан юм. Тэрбээр 1710 онд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Сангийн далайн Биндэртийн өвөр гэдэг газар Хотгойдын Засаг ноён бэйл Бандийн ууган хүү болон төрсөн. Чингүнжав эцгийгээ 1737 онд нас барахад төрийн бэйл зэргийг залгамжилж Хотгойд хошууг захирах болжээ. Манж нар Чингүнжавыг өөртөө татахын тулд хэргэм зэргээр шагнаж, Засагтхан аймгийн туслагч жанжнаар томилж байв. Гэвч Чингүнжав хэргэм зэрэг, албан тушаалд хууртагдсангүй Манжийн эсрэг тэмцэж байв.
1755 оны намар Ойрдын Амарсанаатай хүч хавсарч, Манжийн эсрэг зэвсэгт бослого гаргахаар хэлэлцэн тохирсон ч Чингүнжав Манжийн хатуу хараа хяналтаас болж бослого гаргаж чадаагүй байна. Харин 1756 онд өөрийн харьяат цэргээ авч Хотгойд нутагтаа ирж, урианхай нараас цэрэгт татаж, хүчээ зузаатган сэлбэх гэсэн авч Хөвсгөлийн урианхайн олонхи ноёд цэрэг татаж өгөөгүй байна. Гэсэн ч 1756 оны аравдугаар сард Загзуугийн аманд таванзуугаад цэрэг бөөгнөрүүлсэн байв. Өөр газар мөн тийн хэмжээний цэрэг бөөгнөрүүлсэн байжээ. Үүнээс үзвэл Чингүнжавын удирдлагын дор бослогын гол хүчний цэрэг нь 1000 орчим байсан бололтой.
Манж нар Чингүнжавыг аль болох бусад Монгол аймаг, хошуудаас тасалж ганцаардуулан цэргийн давуу хүчээр дарах бодлого барьжээ. Чингүнжав өөрийн 2 хүү Цэвээнжав, Цэсүрэндоржоо Их хүрээний зүг сэм илгээж, Богд тэргүүтэй Халхын нөлөө бүхий ноёдтой холбоо тогтоож, улс үндэстнийхээ тусгаар тогтнолын төлөө тэднийг татан оруулахыг эрмэлзэж байв.
Манж нар Чингүнжавыг даруй барихыг Халхын бүх ноёдод зарлиг болгож,Улиастайн жанжнаар Чин ван Цэнгүнжавыг томилж, их цэргийг авч Чингүнжавын цэргийг дарж, түүнийг барихыг даалгажээ.Цэнгүнжав халхаас цэрэг татаж, хүчээ зузаатгах гэсэн боловч бүтсэнгүй. 1756 оны арван сарын сүүлээр 1000 цэрэг авч замдаа Хөх хотын Вү Чан жанжны 2000 цэрэгтэй нийлж, Хотгойд нутгийг зорьсон байна. Манжийн цэргийн сүр хүчээс айсан Чингүнжавын цэргийн ангийн удирдагч нар цэргээ авч, Чингүнжаваас салж одсон байна.
Манжийн цэрэг Хотгойд нутагт ирэхэд Чингүнжавын цэрэг 500 болтлоо цөөрсөн учир тосож байлдахыг бодсонгүй цэргээ авч Шишгэд орж хүчээ зузаатгах гэсэн боловч, дайсны их хүчинд түрэгдэн аргагүй эрхэнд ухарч Өлийн даваа хүрч, цэргээ тарааж зуугаад хүнийг авч оросын хил гарахаар явсан байна. Явах зам нь хэцүү өндөр уул даваа, хад асгатай учир цэргүүдийн зарим нь амь алдаж, нэг хэсэг нь оргон зайлснаар 50 орчим хүнтэй Оросын хилийн ойролцоох Жиянхас гэдэг газар хүрч буудаллажээ. Энэ үед хар Дархадын зайсан Азар, Намжил нар Манж нарын цэргийг газарчлан очиж, Чингүнжавын буудалласан жижиг толгойг бүслүүлжээ.
1756 оны арваннэгдүгээр сарын 28-ны үүрээр Чингүнжав дайсны бүслэлтийг сэт дайран гарахыг завдаад чадалгүй баригджээ. Энэ тухай Манжийн хаанд Тэнгэрийг тэтгэсний 21 оны 12-р сарын 4-нд чин ван Цэнгүнжавын айлтгасан айлтгалд "Хулгай Чингүнжав нэгэн морийг унаж, манай хорьсныг дайран гараад оргосугай гэхэд Түмдийн тэргүүн тайж Ламжав, бэйл Цомцогжавын хошууны тогосын отго хадсан залны занги Чой, Хиа Намхай гурвуул тосож Чингүнжавыг барьсан гэжээ.
Манж нар Чингүнжавын 80 гарсан эх, 22 настай бүсгүй дүү, охин Цэрэндэжид нарыг Чингүнжавын хамт барьж, Бээжинд аваачин 1757 оны 3-р сарын 11-нд цаазалсан байна. Мөн Чингүнжавын эхнэрийг 5 настай бага хүү Бари, 3 нялх охин, хүрээ явсан 2 хүүгийн хамт барьж цаазалсан байна. Чингүнжав улс үндэстнийхээ тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амь биеэ зориулсан цогт эх оронч юм. Монгол улсын түүхийн 4-р ботид "Чингүнжав нь Манжийн ноёрхлын эсрэг цусны эцсийн дуслыг хүртэл зарах зоригтой тууштай тэмцсэн жинхэнэ эх оронч баатар мөн" хэмээн түүний үйл хэргийг үнэлсэн байдаг.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.