Галданбошигтын хатан Анударь буюу Ану

Монголын түүхэнд харваа болон дайнд эрэлхэгээр оролцож явснаараа тод мөртэй үлдсэн эмэгтэй бол Ойрадын төрийн тэргүүн Галданбошигтын гэргий Анударь хатан юм.

Тэрбээр Өөлдийн Очирт цэцэн хааны охин билээ. Ойрадын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцлийн явц дахь 10-аад жилийн дайнд байлдааны урт зам туулсан энэ бүсгүйн тухай билгүүн номч эрдэмтэн, зохиолч Б.Ринчин гуай өнгөрсөн зууны 60-аад оны дундуур “Ану хатан” хэмээх хөрөг бичсэн байна.

Анударь нь сайн харваач учир 20-иод настай үедээ эрэгтэй хүний хувцас өмсөөд Зүүнгарын хаант улсын том наадамд очин цэц мэргээ гайхуулж явсан гэдэг домог бий. Манжийн цэргийг олон удаа дийлж, эцэст хүч суларсан Галданбошигтын цэрэг ухрах замдаа 1696 оны тавдугаар сарын 13-нд Тэрэлжийн Зуун модноо шийдвэрлэх тулалдаан хийжээ. Манжийн гурван замын их цэргийн нэгдсэн хүчтэй өнөөгийн Улаанбаатар хотоос холгүй газар Ойрадынхон хоёр өдрийн турш зууралдан байлдсан гэдэг. Хүч тэнцвэргүй энэ тулалдаанд Галданбошигтын цэрэг эцсээ хүртэл байлдахад Анударь хатан сод ангийн дайчдыг ахлан оржээ. Тэр бүслэлтийг сэтлэн гарах үедээ хүндээр шархдаж, газар уначихаад байхдаа ч нумаа онилон сум илгээж байсан ажээ.

Шархаа даалгүй өөд болсон Анударийг Орхон голын хөндийд нутаглуулжээ. Тэрхүү газрыг өдгөө Хатантуул хэмээдэг аж. Өөлд энэ хатан тулалдаанд олон удаа орохдоо нум сумаар дайсны зүрхийг мохтол харван сөнөөдөг учир Манжийн цэргийн удирдлагын анхаарлыг татаж явжээ. Харийн дайсны өөдөөс ханьтайгаа мөр зэрэгцэн нум сум, сэлэм, жад агсаад цэрэг удирдаж тулалдсан шилдэг харваач эрэлхэг эмэгтэй Анударь хатнаас өөр үгүй билээ.

4 comments:

  1. Anudari hatnii tuhai sonin deerees unshij bsan ym bna. ene horog zurag ni uu? sonin deer bol ilvv emegteileg goo saihanaar tosoolj zursan horog zurag bsan

    ReplyDelete
  2. Анударь хатандаа мөргөмүү би!

    ReplyDelete
  3. zochin
    end oguulsen erelheg hatnii ner ni zugeer Anu hatan bishuu? Tuuhend Anudari gedeg uur hatnii tuhai oguulsen baidag shig sanah yumaa.

    ReplyDelete
    Replies
    1. Ану хатны бүтэн нэр нь Анударь

      Delete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.