Халимагуудын сүйрэл

Оросын эзэнт улсад 1917 онд В.И.Ленин Октябрийн хувьсгалыг удирдан засгийн эрхэнд гарахад түүнийг нэгэн халимаг генерал эсэргүүцэн босов. Энэ бол Оросын түр засгийн газрын Батлан хамгаалахын сайд асан генерал Л.Г.Корнилов буюу халимаг нэр нь Лавгаа /Лхагва/ Гилжирович Дэлдэнов гэгч эр байлаа. Дэлдэн овогтой Гилжирийн Лавгаа гэгч генерал оросын цагаан армийг үүсгэн байгуулж, улаан оросын эсрэг тэмцлийг удирдсан бөгөөд түүний удирдлага дороос Деникин, Колчак, Врангель зэрэг хожмын цагаантны жанжнууд тодрон гарчээ.

Л.Г.Корнилов буюу Л.Г.Дэлдэнов гэгч энэ халимаг генералыг дэмжсэн үй олон халимагууд 1918 онд Европ руу амь дүйж зугатан гарцгаасан юм. Энэ явдлаас үүдэн 1918 оноос 1958 оны хооронд 40 гаруй жилийн хугацаанд халимагууд оросуудад ад үзэгдэн үндэс угсаагаараа доромжлогдон олон мянгаараа хядуулах болсон юм. Гэхдээ хаант Оросын үеэс ч халимагуудад харгис бодлого ил далдаар явуулж иржээ.1913 онд Оросын эзэн хаан II Николай хэлэхдээ: -Монголчууд Орос орны судас болсон Ижил мөрний хөвөөг эзэгнэн амьдарч байна. Ижил мөрний татаруудаас болгоомжлох нь зүйтэй боловч тэднээс илүү их гамшиг тарьж, аюул учруулж мэдэх нь жинхэнэ монголчууд байгаа билээ. Энэ бол халимагууд. Тиймээс тэднийг олон болгож болохгүй. Эрчүүдийг нь энд тэндхийн дайнд явуулж, хүн ардынх нь тоо хэмжээг тогтмол цөөрүүлж байх хэрэгтэй гэж байжээ.

Еншөөбү Бямбын Ренчин /1905-1977/

Еншөөбү Бямбын Ренчин /1905-1977/ 20 дугаар зууны Монголын эх оронч гарамгай сэхээтэн, соён гийгүүлэгч, их эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч, угсаатан судлагч Еншөөбү Бямбын Ринчин арван зургадугаар жарны хөхөгчин могой жилийн намар /билгийн тоогоор/ буюу 1905 оны 11 дүгээр сарын 21 /аргын тоогоор/-ний өдөр Хиагтын Наймаа хот, эдүгээгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум болсон газрын зүүнтээ Бул Сарай хэмээх нутагт эцэг Раднажавын гэрт мэндэлжээ. Түүний эцэг Раднажав манж, хятад, орос хэл бичигтэй тухайн үед өндөр боловсролтой сэхээтэн, Хиагтын хязгаарын комиссарын Яамнаа манж, хятад, Монгол хэлний орчуулагчийн алба хааж асан, дэвшилт үзэлтэй хүн байжээ.

Ринчен 7 настайдаа Билигсайхан гэгч Монгол, манж хэл бичигтэй хүнд шавь орж Монгол, манж хэл бичиг заалган сурч улмаар Орос Улсын хязгаарын комиссарын Яамны Монгол, манж хэлний орчуулагч Каленов гэгч хүнээр орос бичгийн хэл заалгаж 1914 онд Дээд Шивээний дундад /орос/ сургуулийн бэлтгэл ангид шалгуулан тэнцэж 1917 оноо Зөвлөлтийн хоёрдугаар шатны сургуулийг төгсгөжээ. Ренчин 1924 онд Зөвлөлт Улсын Ленинград хотын Дорно дахины хэлний хүрээлэнд суралцаж, үүний зэрэгцээ 1925 оноос Зөвлөлтийн Шинжлэх Ухааны Академийн Азийн музей, Ленинградын их сургуулийн авиазүйн лабораторид Монголч академич Владиморцов, энэтхэг судлалч академич Олденбург, төвдөч академич Шербатской, дорно дахины түүхч академич Бартольд, түрэг хэлний профессор, академич Юдахин, акаемич Шерба, хэл, түүхийн мэргэжилтэн, академич Марр, Монголч академич Козин, нангиадч академич Алексеев нарын удирдлагад суралцан тус тус төгсгөжээ.