Баяд им, тамга

Баядууд үндэс ясныхаа онцлогт тохирсон им тамгатай. Тамгаа их хүндэтгэн үзэж будаа ороосон хадаг уяж гэрийн хойморийн ханандаа хадгалдаг. Тамгаараа газар хатгаж тулах, тос хүргэхийг цээрлэдэг. Эрт үед тамгын дүрсээр хошуу нутгийн хилийн дээсийг тэмдэглэдэг байсан. Малыг хавар, зуны эхэн сарын шинийн 5, 18-нд имнэж тамгалдаг уламжлалтай. Зарим голчлон хэрэглэгддэг имийг нэрлэвэл Онь, Он шидэлбэр, Ар ухам, Өвөр ухам, Шоргоолж, Цоолбор, Цуулбар, Гөлөм, Тайрмал, Он ухам зэрэг нийтлэг имүүд байдаг. Дээрхи имүүдийг зургаар харуулбал:

Монголын тусгаар тогтнол ба ноёдын үхэл

"Төрийн эрхэнд орсон хүн зодуулж үхдэг
Бурханы үгэнд орсон хүн өлсөж үхдэг..."
Эртний үгээс
Өгүүлэлийн товч утга: Уг өгүүлэлд ХХ зууны эхэн хагаст өрнөсөн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, тэргүүлэгчдийн хоорондын харилцаа, ихэнх улс төрийн зүтгэлтнүүдийн учир битүүлэг үхэл түүнд нөлөөлсөн гадаад хийгээд дотоод хүчин зүйлийн асуудлыг түүхийн архивын баримт бичгүүдэд тулгуурлан тодруулахыг зорьсон болно.
Түүхийн шинэ эрин ХХ зууны эхэн болоход Монголчууд өөрийн тусгаар тогтнолын төлөө нэгдэн тэмцэж эхэлсэн юм. Монголын ноёд, лам, язгууртнууд эрхт төр, тусгаар оршихуй, монголчууд бид өөрийн газар шорооныхоо эзэн байх ёстой гэсэн үзэл санааны нэгэн сэтгэлэгт байдалтайгаар нэгдэн тэмцсэний дүнд 1911 оны өвөл цагаас Монгол орон харьцангуй бие даан, өөртөө туурга тусгаарласанаа зарлан тунхагласан билээ. Уг түүхэн үйл явдалд биечлэн оролцож, тэргүүлэн удирдсан монголын нөлөө бүхий лам, хар, хэн бүхэн дэмжин сайшааж хамтран зүтгэсэн ч Монгол улс өөртөө тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж төрийн цоо шинэ тогтолцоог бий болгон таван яамыг байгуулж, сайдын сэнтийд хувьсгалын хэрэгт тэргүүлэн оролцсон Ханддорж, Цэрэнчимэд, Чагдаржав зэрэг ноёд тохоон талбигдсаны маргаашнаас эхлээд л хэн хэнийгээ захирах вэ? гэсэн мөчөөрхөл ажиглагдах болсон.

Шилийн сайн эрсийн тухай өгүүлэх нь

XVII зууны сүүл үед Дарьгангад Халх, Цахар, Ойрад гэсэн гурван өөр ястан суурьшсан явдал нь тэдгээрийг өөр хоорондоо нэгдэн уусаж цоо шинэ ястан бүрэлдэн тогтоход хүргэсэн юм. Тэрхүү шинээр бүрэлдсэн Дарьганга ястан нь өөрийн гэсэн өвөрмөц зан заншилыг бий болгосон байна. Түүний нэг бол "Сайн эр" болох заншил юм. Сайн эр болох заншил бол Дарьганга ястны бахархал хүндлэлийн нэг байсан. Тэгэхээр "Сайн эр" хэмээх ойлголтын тухай эхэлж авч үзэх нь зүйтэй юм. Энэ ойлголтыг эдүгээчлэн ойлгох явдал одоо нэлээд түгээмэл болжээ. Өөрөөр хэлбэл "Сайн эр" гэдэг бол бусдын мал, эд хөрөнгийг шударга бусаар хулгайлан авдаг хүмүүс мэтээр өрөөсгөл, хийсвэрээр ойлгож, тэдэнтэй зүйрлэн бичих, ярих болсон. Энэ бол түүхийн томоохон эндүүрэл, эдүгээчилсэн ойлголт юм. Тэгвэл "Сайн эр" гэж ямар хүмүүсийг хэлэх вэ? гэсэн асуулт аяндаа гарч ирнэ. Монгол хэлэнд "Сайн эр" гэдэг үг хэд хэдэн янзаар тайлбарлагддаг. Тухайлбал, нэг малчин залуу морь уургалаад тогтоож чадсангүй уургатайгаа алдсан бол түүнийг за мөн сайн эр дээ гэж хэлэх ч бий. Үүнд сайн эр гэж магтсан биш, харин буруушаан шоолсон утгаар хэрэглэжээ.